Аавын минь түүх

Зан зангаа авалцан завсар зайгүй ижилсэн 

Задгай мөнгөө нийлүүлж заамал дэлгүүр хэсэж 

Зах хатсан еэвэн зармай дээлтийг хүлхэн

Зав л гарвал наадаж зэлтэй унага шиг хэлхэлдсэн 

Зулзаган багын үерхэл зүүдэлгүй цагаан сэтгэл 

Зүйрлэшгүй хүслийн жигүүр зүрхэнд дуулах аялгуу 

Зорилго нэгт нөхөддөө зол жаргалыг ерөөе 

Сургаалт номонд шамдавч сурсан мэдсэн бага 

Сумын төвийн клубт нууцаар кино үзэж 

Сургууль ангийн охидын гэзэг үснээс татаж 

Сурагч ахуй насны минь суралцах үе өндөрлөжээ

Түдэвтэйн сургуулиа дүүргэж наймдугаар анги төгсөөд

Төмөр замын хуваарийг төвөггүйхэн авснаар

Торгон жолоо өргүүлж зорьсон газраа очихоор

Тожоо жолоочын машин дээр тостой ногоон бүтээлгэн дор 

Том жижиг хүмүүстэй тохой залган суусаар 

Тоостой тоосгүй замаар торолзтол давхиулсаар 

Товчоо таардаггүй газраар туулайчлан байж ирлээ 

Улаанбаатарт хүн ихтэй учираа олохгүй тэвдэх янзтай 

Урагшаа хойшоо зүгээ мартсан уул шугамандаа төөрсөн байв 

Уулзах хүн маань тосохоор ирж уяанаасаа би алдуурлаа 

Угтан авцгаа хайрын минь дууг гээд л уяран дуулсаар алхлаа 

Үйлдвэр 7-н буудал гэх хаягтай том улаан автобусанд

Үргэсэн зээр шиг амьтан үсрээд л орлоо

Үсээ бухалдан самнан богц тэвэрсэн бор хүүхэн

Үүдэнд зогсож байгаа цэнхэр дээлтэй банди

Үйлчилгээний хөлсөө төлж билетээ аваарай гээд л зарладаг байгаа

Өгч авахын хооронд сүртэй юм даа та

Өнгө зүсээр зарладаг хэн юм бэ дээ өөрөө

Өрвөсхийж ирсэнээ болилоо өөнтөгч зангаа дарлаа

Өгдөг авдаг ёсоо гүйцээж өр зээлгүй хоёр тийш боллоо

Ингэж их хотынхоо амьдралд хөл тавьж эгшиг дуугаа өргөсөн билээ

 

Хөх Монгол овогт Д. Очирбат