Түдэвтэйн цэнхэр аялгуу
Сарны мөнгөн туяа морьдын үүрсэх чимээ
Саалийн үнэртэй дээл бүүвэйн дуутай сэтгэл
Сархадын цэнхэр амт хуурын их татлага
Салахын аргагүй нутаг санагдахын жаргалтай орчлон
Нарны алтан цацраг усны торгон долгион
Найраг чуулсан цэнгэл хайр гэрэлтсэн өдрүүд
Намираа хонгор бороо өвсний зөөлхөн шивнээ
Насан багын мэдрэхүй нутаг амьтай аялгуу
Одод чуулсан огторгуй онгод хөглөх салхи
Омголон их уулс, уулсын сүр хүч
Ой моддын чимээ уран шувуудын жиргээ
Оршихуйн их ухаан орчлонгийн цэнхэр аялгуу
Цэнхэр уулс үүл мананд хөвнө
Цэлэлзэх нуур шувуудын дуунд уярна
Цэцэгсээ эрхлүүлж зөөлөн бороо анирдана
Цээжний гүнээс гэгээн хүсэл төрнө
Мөнгөн Цоргын гол өнгө тунгалаг урсана
Мөнх ногоон байгалиа чимж л нэг халигана
Мөрөөдлийн цэнхэр эжийдээ дуу аялан очино
Мөрөнгийн хүчтэй болсноо таны л ач гэж хэлнэ
Хэлсэн хүүгийн үг хүлээсэн эхийн сэтгэл
Хэзээд үл өөрчлөгдөх хувь тавилангийн дуудлага
Хэсэгчлэн ойлгож болохооргүй орчлонгийн цэнхэр аялгуу
Хэм хэмжээ цаг хугацааны мөнхийн эзэн
Ойгон сайхан ээжий дуу алдан баясаж
Онгодын хөх салхиар түрлэг нэмэн давалгаалж
Онцгой сайхан хүүдээ дуун цэнгэл өргөсөөр
Оргилсон их хайраар он цагийг туулна
Хүмүүний сэтгэлийг хөглөж хөх салхи наадна
Хүрэн зүрхийг уярааж хүүхдийн дуу уянгална
Хүлэг морьдын янцгаанд хийморийн дарцаг дэрвэнэ
Хөхүүртэй айрагийн чимээнд найргийн дуу төрнө
Хөх Монгол овогт Д. Очирбат