Түдэвтэйн цэнхэр нутаг
Мөнх хөх тэнгэр эрхэсийн гэрэлт чуулга
Мөрөөдлийн цэнхэр орчлон танин мэдэхүйн урлан
Ноён Хөдрөг уулс Ачитын шар нуруу
Номтын их овоо нууцлаг оршихуйн хүч
Мөнгөн Цоргын гол Сантын цэнгэг рашаан
Ойгон сайхан эжий оюунтай төрсөн хүмүүс
Цэцэгс найгасан тал цэнгэл гэрэлтсэн өргөө
Өнгө тунгалаг нутаг үнэр ялдам агаар
Агар зандан мод агсал хонгор салхи
Аглаг хөвчийн нууц араатны хөх тойрог
Уран шувуудын чуулга учрал бүрдсэн аялгуу
Удам дамжсан буян угшил сайтай сүргүүд
Эргэх орчлонгийн эгшиг эрхэмлэн дээдлэх шүтээн
Эх байгалийн үзэсгэлэн элгэн түмний сэтгэл
Харах нүдийг баясгах эрдэнийн чулуун солонго
Хайрлах итгэлийг бадраах бумбын цагаан дэлхий
Халгих зүрхийг хөглөсөн хонгор багын андууд
Ханашгүй цэнгэлд умбуулсан хан орчлонгийн дуулал
Тал хангай говийн торгон зохицолыг харахаар
Тансаг яруу цогцолсон үлэмжийн сайхныг мэдрэхээр
Түдэвтэйн цэнхэр орчлонд тэмүүлэн ирдэг нь учиртай
Танхил ялдам сэтгэлд нь талархан цэнгэдэг нь урамтай
Энэ л сайхан нутгийн эзэн заяаг эдлэхдээ
Эх Монгол улсын иргэн болж төрсөндөө
Омогшин дуулах сэтгэл минь салхин мэт чөлөөтэй
Оргилсон их хүсэл минь жигүүртэн мэт хүчтэй
Хөх Монгол овогт Д. Очирбат