Үнэн
Гүн цэнхэр далайн омголон хөх ус тэргүүтэн
Гүзээ ихтэй ноёдтой дайн зарлаж байна
Гүйдэл суудлаа олоогүй төрийн авилагч түшмэдийг
Гүдэс шулуун зангаар эрүүл тулаанд дуудаж байна
Дорнын их Монголд морин төвөргөөн сонсогдож байна
Долдой Дүлзэнгийн намынхан дороо шээх нь холгүй байна
Дорой ядуу амьдралаас ард түмэн залхаж байна
Доромжлол гутамшиг цөхрөлийг таягдан хаяхыг хүсэж байна
Цаг хугацаагаар хэмжигдэх эх орныхоо хөгжилд
Цанхтай эмнэг адуу шиг чөдөр тушаа болж байна
Цадаж ханахыг мэдэхгүй шуналын сэтгэлдээ хөтлөгдсөөр
Цавчим өндөр хясаанаас нисэх нь тодорхой байна
Байдаг л энгийн зүйл гэж өөрсдийгөө тэд хуурсаар
Балчиг ихтэй намганд гүн ихээр шигдсэн байна
Баян тансаг амьдралд хэт шунан дуралснаас
Барлаг ядуугийн зовлонг ард түмэндээ үүрүүлж байна
Хонгондоо хүртэл хумстай хумс нь бас дэгээтэй
Хошгоруулан дурлуулж дал хавсрах хор найруулж чулуу хөөлгөхдөө сайн
Хууль ярьж чанга дуугарах хулгай хийж хөрөнгөө нэмсэн
Худлаа ярьж бусдыг хуурсан хульхин цэцгүүдийг хамхуул мэт үлдэн хөөх нь хамгаас чухал үнэн байна
Хатир сайтай мориндоо ташуур өгөн довтолж
Хавцал ихтэй саадыг чөлөөтэйхэн туулж
Хан хөх тэнгэрт уухайн түрлэг өргөж
Хамаг дэлхийн улстай хазаар булаалдан давхимаар байна
Монгол ах дүү нар минь ээ
Сэрж ядсан нойрноосоо сэвхийтэл өндийж
Сэргэлэн болжмор шиг эрх чөлөөтэйхэн жиргэж
Сэтгэл итгэл хүслээ оргилуун дарс цацруулж
Шинэ хөгжил дэвшлийн төлөө шийдвэртэйхэн зүтгэе
Алт үүрсэн гуйлгачин гэж амтай болгонд хэлэгдэж
Адлуулж баллуулж амьдрахыг үнэндээ бид хүсэхгүй байна
Агуу түүхэнд мөнхөрсөн алдар суугаа мандуулж
Алтан дэлхийн сонорт хөх Монголыг дуулмаар байна
Хөх Монгол овогт Д.ОЧИРБАТ