Дүнжингаравын цэцээ гүн
Цэлмэг хөх тэнгэр үүлэн хээ урлана
Цэнгэлт наран ээж бүүвэйн дуу аялна
Цэцээ гүний оргил цээж тэлэн ариусгана
Цэцэн билгийн онгод цэнгэлийн хуртай бууна
Ноён уулын савдаг хангарьдын биед хувилж
Номтын үүсгэл өргөөнд хүчний үйлчлэл дэлгэрнэ
Ногоон торгон нөмрөгт эрхэм гоёхон цэцэгс
Номин дэлгэр ээждээ эрхэлж дуулан тоглоно
Эргэн тойрноо харахад эрхэмсэг оршихуйн бэлэгдэл
Эрэгцүүлж шүүн тунгаахад эртний нэгэн толь
Эзэн биеийн зохицол эрдэний учигт эвлэж
Энх амгалан дэлхий элбэг дүүрэн гоёжээ
Уулын нүдэн булаг уяангын эгшиг өргөнө
Урсгал чагнан саатахад утгын чимэг хэлхэнэ
Учир ерөөлтэй нөхөд урмын үгс хэлэлцэнэ
Уулзахын баярт умбаж уран зураг татуулна
Хишиг буяныг хүртээх хийморийн их овоо
Хилэнц үйлийг ариусгах хичээнгүй бурхдын мэлмий
Хүслийн төвд орших хүй мандалын тойрог
Хүртэхүйн цэнгэл эдлэх хүмүүн заяаны урлаг
Байгаль эхийн чулууг барлаж зассан ширээ
Баргил зандан модыг банзалж зүйсэн сандал
Баатар дархны ухаанаар балбаж уралсан тулга
Баян монголын хишиг бадамлянха тогоо
Дүүрэн буяны ерөөлтэй
Дүнжингарав уул
Дууны яруу эгшигтэй
Дүнжингаравын Туул
Догшин шувуу хөлөглөсөн дуутын цагаан өвгөн
Долоон бурханы тамгатай домгын цэнхэр орчлон.
Хөх Монгол овогт Д. Очирбат
2010 оны 8 дугаар сар 23