Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад
Цасан ширхэгүүд наадан мөнгөн дээлээ урлахад
Цагийн аясыг хөөрөгдөж хүйтний эрч чангарна
Цав цагаахан өнгөөр орчлонг сүлэн гэрэлтэх
Цантай жавар эгшиглүүлсэн зантай өвөл зоргоороо
Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад
Хамаг бүхнийг сэрээж хөх салхийг өдөөсөн
Хатуу зөөлнийг учирлаж торгон мэдрэмж төрүүлсэн
Хайрын болзоонд саатаж учирлын дуу аялуулах
Ханшийн зохирлыг эхлүүлсэн хонгорхон хавар хосоороо
Монголын цаг агаар хөх Монголын үр сад
Цэнхэр бороо бүжин уран байгаль сэргэхэд
Цэцгийн дэлбээ тэгширч нарны дуулал эгшиглэнэ
Цэлэлцэх усны мандалд гангар шувууд чуулхад
Цэнгэл баяраар жигүүрэлсэн хүмүүний сэтгэл хүслээрээ
Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад
Найргын уянгаар хөглөгдөж нарлагхан хорвоо уярхад
Насны дурсамж хэлхүүлэн нууцхан бодолд умбуулсан
Найдах хүлээх учирлаа найр тавин дээдэлсэн
Нарны даллагатай нутгийн намрын өдрүүд буянаараа
Их Монголын цаг агаар. хөх Монголын үр сад
Цагийн дөрвөн аялгуу цэнхэр орчлонг бүүвэйлсэн
Цадиг омголон хүмүүс нь тэнгэр заяатай төрсөн
Цавчим сүрлэг уулс нь онгон байгалаа хөгөлсөн
Цаглашгүй баян нутагтаа хөх толботой монгол
Их Монголын цаг агаар хөх Монголын үр сад
Хөх Монгол овогт Д. Очирбат