Шаргалжуут
Хамаг Монголын шүтээн Хонгор нутгийн бахархал
Хол ойрын хүмүүсийн харах нүдийг баясгаж
Хотол олны хүсэл хурайлж хийморь тэтгэсэн
Хорвоо дэлхийд ховорхон тохиох хосгүй үнэт эрдэнэ
Аяа миний алтанхан Шаргалжуут
Амьдрал хайрлах алаг дэлхий
Рашаан булаг ус нь анагаах их увьдастай
Аялгуу тансаг чимээ нь хөгжмийн яруу эгшигтэй
Асгаран шаагих хүч нь мөнхийн их ундрагатай
Амгалан болоод сүр хүчээр дүүрэн
Аяа миний алтанхан Шаргалжуут Амьдрал хайрлах алаг дэлхий
Арга билэгийн хослолоор зурсан юм шиг бүтээгдсэн
Аав ээжийн төрхөөр ар өвөрт минь ханхайсан
Асгат хөх биеэндээ хүмүүний тавиланг эрхшээсэн
Аглаг их уулсийн ноён сэрвээт манхан
Аяа миний алтанхан Шаргалжуут
Амьдрал хайрлах алаг дэлхий
Хүн байгалийн үзэгдэл хүйн холбоог дархалж
Хэлбэр дүрс агуулга нь хэзээд үл өөрчлөгдөх
Хэдэн зууны алсаас өртөөлөнхөн ирэхдээ
Хэмжээлшгүй их баялагаа түмэн олондоо хүртээсэн
Аяа миний алтанхан Шаргалжуут
Амьдрал хайрлах алаг дэлхий
Халуун хүйтэн хоёр ханьсан байх нь жаргалтай
Хатуу зөөлөн хоёр тэврэлдэн ургасан нь гоёхон
Хасах нэмэх хоёр ураг барилдсан нь сонихон
Хан буурал хорвоогийн чимэг болсон ертөнц
Аяа миний алтанхан Шаргалжуут
Амьдрал хайрлах алаг дэлхий
Амьсгалах торгон агаар нь атрын цэцэг мэт онгон
Арван цагаан өргөө нь ангир чуулах эрдэнэ
Ааш сайтай хүмүүсийг нь азын тэнгэр ивээнэ
Ахин дахин ирсэн ч сэтгэл ердөө ч ханахгүй
Аяа миний алтанхан Шаргалжуут
Амьдрал хайрлах алаг дэлхий
Хөх Монгол овогтой Д. Очирбат 2005. 10. 14