Монгол гэр
Тэнгэр газар хүн, гурвын холбооны үйлчлэлээр
Төөрсөн амьтад цуглаж төрхөмдөө ирж нийлэхэд
Тэнхлэгээ эргэх орчлон бодол оюуныг чилээснээр
Төгөлдөр энэ бүтээлийг Монголчууд анх урлажээ
Орчлон хязгааргүйг илэрхийлсэн өргөө цагаан гэр
Олон зууныг өртөөлсөн өнгө тунгалаг аялгуу
Оюун сэтгэлгээг хөглөсөн зандан модны урлал Омог бардам хүмүүсийн заяа сэтгэлийн дуулал
Наран саран наадуулсан хорол мөнгөн эрдэнэ
Найман зовхист учирласан түлхэн тогтоох хүч
Навчит цэцэгсийг тодруулсан задгай хөх тойрог
Найдах сэтгэлийг бадраасан тулах татах багана
Нүгэл буяныг дэнсэлсэн алтан босгот хаалга
Нүүдэлчин ахуйд зохицсон цагаан лавайн эгшиг
Нутгийн дэнжийг чимсэн хөх Монголын туульс
Нууцгүй сэтгэлийг мэдрүүлсэн язгууртан түмний шүтээн
Таван эрдэнийн өмсгөлийг тааруулан байж урлахдаа
Танан цагаан өнгийг эрхэмлэн дуулж суухдаа
Тав тухтай орчныг төгс бүрдүүлэхийн төлөө
Тансаг ярууг цогцлоосон монголжингоо бүсгүй
Домогт цагаан өргөөний омог бардам хүмүүс
Дорны хөх түүхийг алтан үсгээр туурьвиж
Дуулим эх орондоо эзний ёсоор жаргаж
Дуурсагдах их алдраар ертөнцийн сонорыг мялаана
Хөх Монгол овогт Д. Очирбат
2007.01.11