Оргилд гүйгчийн тэмдэглэл
Аглаг өндөр ууландаа алханхан гүйнэ
Агсал хөх салхийг анирланхан гүйнэ
Айзам дэлгэр хурыг аргаданхан гүйнэ
Аугаа их дээдэсээ ачланхан гүйнэ
Ардын дууны эгшигт аялгууланхан гүйнэ
Аав ээжийн буянаар азтайхан гүйнэ
Асралт сайхан ханьдаа алиаланхан гүйнэ
Анхил хонгор үрсдээ амгаланхан гүйнэ
Агар зандан өргөөндөө амранхан гүйнэ
Аранзал галын илчинд ариусанхан гүйнэ
Арга билгийн шимийг амтланхан гүйнэ
Ажнайн хийморь сэрээж аяланхан гүйнэ
Уран тансаг байгальдаа урамтайхан гүйнэ
Усан цээлийн мандалд умбанхан гүйнэ
Урдах хойдохын ерөөлөөр учранхан гүйнэ
Учирал хайрын тавиланд уяранхан гүйнэ
Тэнгэрийн цагаан шүтээндээ тэмүүлэнхэн гүйнэ
Тэлмэн Идэрийн хөвөөндөө тэврэлдэнхэн гүйнэ
Тэнгийн ачаа тэгшилж тэнцүүлэнхэн гүйнэ
Тэнүүн уудам талдаа тэнхээтэйхэн гүйнэ
Эх сайхан нутагтаа эрхлэнхэн гүйнэ
Элгэн садан нөхөдтэй ижилсэнхэн гүйнэ
Ээтэн гутлын улыг элээнхэн гүйнэ
Эсэн мэндийн цэнгэлийг эдлэнхэн гүйнэ
Оргилд гүйгч эрхэмүүд одтойхон гүйнэ
Онгод хийморио бадраан оргилонхон гүйнэ
Олон түмний итгэлийг оройлонхон гүйнэ
Онгон байгалиа тольдон омогшинхон гүйнэ
Нар сарны цэцэрлэгт нааданхан гүйнэ
Найраг шүлгийн цоморлигт нандинхан гүйнэ
Найз нөхөдийн сэтгэлд намбалагхан гүйнэ
Найдах хүлээхийн итгэлд найрсагхан гүйнэ
Хүсэмжит нарны аялгуунд хүсэлээ даатгаж гүйнэ
Хүмүүний цэнхэр орчлонд хүчийг үзэн гүйнэ
Хүж ногоон байгальдаа хөлсөө урсган гүйнэ
Хүрдэт цагийн урсгалд хөл нийлүүлэн гүйнэ
Гүйнэ гүйнэ гүйнэ гүйсэн шиг гүйнэ
Гүйнэ гүйнэ гүйнэ гүйгүүл хүлэг мэт гүйнэ
Гүйнэ гүйнэ гүйнэ гүн билэгт итгэлт сайн гүйнэ
Хөх Монгол овогт Д. Очирбат