Тэнгэрийн цагаан уул

Тэнгэрийн цагаан уул

Цэнхэр орчлонгийн дуулал хүн төрөлхтний шүтээн 

Цэцэгст талын үзэсгэлэн их Монголын бахархал 

Цэцэн мэргэний өлгий цаст сүмбэр уул 

Цэнгэл баярыг хурайлсан цээжинд орших зүрх

Эрхэс гаригтай ижилссэн эцэг тэнгэр хайрхан 

Эхийн сүүтэй ивлэсэн энх мөнхийн эрдэнэ 

Эх орны хийморь эрчим хүчний дуудлага 

Эргэх цагийг эрхшээсэн эгэлгүй нэгэн гайхамшиг 

Наран саран ододтой наадан цэнгэж найрссан 

Найман зовхисоо тольдон нүд баясган уярсан 

Нас буяныг тэгшитгэж найдах итгэлийг бадраасан 

Найраг шүлэгт умбасан нутгийн цагаан дэлхий

Зөөлөн замбуулинг учирлах Бадар хундага нуур 

Зүрхэн тольтноо гэрэлтэх хар нүдэн гүнж 

Зүйтэй бодлыг хэлхүүлсэн уран байгалийн увдис 

Зөн билгээр учирсан хүйн холбоотой сэтгэл 

Мөнгөн бороо чуулахад өнгө тодруулан мишээсэн 

Торгон салхи үлээхэд уран долгион намирсан 

Цэцгийн дэлбээ шивнэхэд үнэр ялдам бүүвэйлсэн 

Эцгийн хайранд эгшиглэх эрхэмсэг оршихуйн эзэн

Хайрын зохицолыг харахад халуун зүрх уярна 

Байгалийн сайхныг мэдрэхэд билгүүн ухаан тэлнэ 

Андын сэтгэлийг олоход ухаарлын аялгуу хөвөрнө 

Агуу үнэнийг дээдлэхэд мөнх тэнгэр ивээнэ

Хараа булаан онцгойрсон Хангайн ноён оргил 

Халуун хүйтэн хосолж хатуу зөөлөн зохицсон 

Хангал гөрөөс сүлжиж хурмастын шувууд чуулсан

Ханагар баян нутгийн хайрын тэнгэр уул минь

Тулах цэгийг тогтоож торгон салхийг хөгжөөсөн 

Татах хүчийг төвлөрүүлж тамгатай мэргэдийг төрүүлсэн 

Төр улсаа дааж тахилга сүлдэнд заларсан 

Түмэн олноо ивээж тэнгэр язгуур хайрласан 

Огторгуйн уудамд гэрэлтэх оргил уулсын тэргүүн 

Омголон зүрхийг уяраасан Очирваанийн эгшиг 

Оюун бодлыг хөглөсөн онгодын цагаан дэлхий 

Орчлон ертөнцийг чимэглэсэн Отгон тэнгэр хайрхан

Хөх Монгол овогтой Д.Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *