Түдэвтэйн цэнхэр орчлон

Түдэвтэйн цэнхэр орчлон

Алтанхан нутгийн минь хөх уулс ариун тунгалаг гол ус 

Агаар мандал хөх тэнгэр ард олон элгэн түмнийхээ 

Амьдрал тэмцэл ялалтын тухай дуулахгүй байхын аргагүй. 

Төрсөн нутаг усаа дуулахгүй юм бол

Төгөлдөр яруу тансагийг нь мэдрэхгүй юм бол

Тэнгэрлэг үгийг хэлэхгүй юм бол

Түдэвтэйнх би гэж хэлэхэд амаргүй

Төрж өссөн нутаг минь 

Түдэвтэйн цэнхэр орчлон 

Төрүүлж өсгөсөн аав минь мөнгөн Цоргын унага

Тээж төрүүлсэн эжий минь удамт хүний үр 

Тэлж ургасан та нар минь тэнгэр заяат хүмүүн

Тэнхлэгээ эргэх орчлонгийн төгөлдөр нэгэн бүтээл

Туурга тусгаар Монголын тулгатай хөх гал

Туждаа л хамт жаргах ахан дүүсийн нутаг усны холбоо

Та бидний аав тал нутаг, хөх уулсын хүрэн бүргэд

Та бидний ээж Өүлэн Бөртэ Мандухайн оюун ухаан үзэсгэлэн гоо

Та бид өөрсдөө тэнгэрээс заяат улсын тэмцэл ялалтын тулах хүч

Хөх Монголын хөх голомт хүн таны хүслийн дуулал билээ

Хөх тэнгэр язгууртай хөх монгол овогтой

Хөдрөг нөмрөг уултай хүслийн цэнхэр Ойгонтой

Хүмүүний шүтээн нутагтай

Агуут Сэрвэн Сэдлэх, Рашаант Хясаа Дором

Ачитын Шар нуруу Айргийн цэнхэр нуур

Баруун зүүн Аргалант, Барчин Бумбарай Таван Сахал

Балбархай Хүнх Цэцэрлэг Барчгар Гозгор Сант

Бага Хөндлөн Их Хөндлөн Шивээт

Онц Дааган дэл Бударгана

Онгод хөглөх нутгийн минь уулс

Орчлонд дуудуулах миний нутаг аа

Нутгийн сайхан Ойгонд хунгийн чуулга чуулна

Нуурын торгон долгионд хуурын аялгуу эгшиглэнэ

Номин цэнхэр талд цэцэгсийн хур бууна

Наран мандах тэнгэрт өнгийн солонго татна

Нарны шаргал туяанд алтан бороо дуулна

Намрын энэ л өдөр хүслийн шувуу ниснэ

Найраг шүлэг дуунд хүмүүний сэтгэл баясна

Найдах хүлээх итгэлд хорвоогийн амьдрал багтана

Ноён Хөдрөг уулсын хар нүдэн гүнж

Номт мэргэн түмний сэтгэлийн их шүтээн

Нов ногоохон байгалаа сондор мэт чимсэн

Намуун зөөлөн урсах Цоргын гол минь

Зөөлөн тунгалаг усанд зөндөө олон умбасан

Өүлэн сайхан ээждээ өчнөөн удаа эрхэлсэн 

Өрлөг түүхийн хүрднээ цуутэй мэргэдийг төрүүлсэн 

Өнө мөнхийн орчлонгийн өнгө хосолсон нутаг минь ээ

Өглөөний цэнгэг агаарт нь бодлын манан арилна

Өвсний торгон шүүдэрт нь цэцэгс өнгөө засна

Өдрийн шаргал наранд идэрийн золбоо нэмэгдэнэ

Өсөн нэмэгдэх заяатай өргөжин тэлэх хувьтай

Миний төрсөн нутаг түмнийг тэтгэх орчлон

Мөнхөд орших Монголын хөх нутаг Түдэвтэйн цэнхэр орчлон

Хөх Монгол овогтой Д. Очирбат

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *