Ээж хайрхан дэлхий

Ээж хайрхан дэлхий

Амгалан хөх дэлхий тэнхлэгээ тойрон эргэнэ 

Алтан шаргал наран илч гэрлээ хайрлана

Арга билгийн саран аврал хишгээ хүртээнэ

Алсад гэрэлтэх одод оюун сэтгэлгээг хөглөнө 

Аялгуут хонгор салхи аяс аясхан бүүвэйлнэ 

Аглаг өндөр уулс асарлан дүнхийж харагдана 

Атар онгон тал өнгө тунгалаг гэрэлтэнэ

Алаглан найгах цэцэгс үнэр ялдам анхилна 

Араатны хөх тойрог арсалдан тоглож наадна 

Агсал гол мөрөн асгаран шуугиж урсана

Айзам өргөн далай анир гүмхэн цэлийнэ 

Агаар мандлын савслагаас асралт хур бууна 

Амьд байгаль сэргэж аливаа бүхэн дэлгэрнэ

Амтат цаг хугацаа аргадан бүүвэйлж дуулна 

Ариун сэтгэлт хүмүүн амар амгаланг хүснэ 

Андын журмыг дээдэлж алдар нэрийг олно 

Ардын цагаан гэрүүд айл хотлоороо налайна 

Амьдрах урлагийг дэвжээж ассан гал бадрана 

Айлын эзэн эрхмүүд ажил эрдэмд шамдана

Алдрай хонгор үрс нь ая тухтай цэнгэнэ

Ашдын билэг заяаж аз жаргалтай амьдарна

 Агуу Монгол улс амжилтын түрлэг өргөнө 

Аянчин олон шувууд агаарт дүүлэн ниснэ 

Армаг хүлэг морин амгай сунган давхина

Адуу мал амьтан арвайн түрүүтэй найгана

Айраг сүү идээгээр агар зандан бялхана

Ааруул өрөм тосоор алтан тэвш дүүрнэ 

Аагтай шаргал цай аяга дүүрэн хөвнө

Арван цагаан буянаас амсаж хүртэн жаргана 

Алжаал хүслээ тайлж амарч цэнгэн сууна

Амин зүрхний гүнээс аялгуут дуу эгшиглэнэ

Азай буурал эжий минь сүү үнэртүүлэн инээмсэглэнэ 

Уулсын төвд оршиж цэцэгсийн сайхантай дэлгэрсэн 

Ухаарлын аялгуу хөглөж бүүвэйн дуутай цэнгэсэн

Учирахын тавилан эрхшээж нууцлаг оршихуйг мэдрүүлсэн 

Уран байгалийн увидас уянга дууны урлан

Нарны илчийг шингээж эрчим хүчийг тогтоосон 

Найгал салхийг хөлөглөж орон зайд хөвсөн 

Найдах сэтгэлийг өргөж мэргэн ухаан хайрласан

Намираа цэнхэр орчлонгийн утга төгөлдөр аялгуу

Сарны явдлыг сануулж арга билгийг хурайлсан 

Сайны ерөөлийг дээдэлж үйлс мөрийг тэгшилсэн 

Санаа бодлыг ариусгаж сүүн гэрэл цацруулсан 

Сав ертөнцийн дуулал сахиусан тэнгэрийн илч 

Зорьсон түмнийг золгуулж зохист үйлийг ивээсэн

Зовлон жаргалыг зохицуулж зөөлөн буяныг тэтгэсэн

Зүйтэй үгсийг хэлхүүлж зүрхний галыг бадраасан 

Зүйрлэшгүй хайрын зул зөн билгийн замилан 

Эхлэл төгсгөлгүй орчлонд эрхмийн дээдээр тодорсон 

Эргэх цагийн урсгалд эрдэнийн жолоог атгуулсан 

Энэрэх гэгээн сэтгэлийн эвийн хүчийг нэгтгэсэн 

Эгшиглэнт хонгор аялгуу ээж хайрхан дэлхий минь

Хөх Монгол овогтой Д.Очирбат

2007.10.14

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *