Өвгөн овоо
Үзэсгэлэнт дэлхийн чимэг яндашгүй баян орон
Үлэмжийн чанар төгөлдөр ялдам сэтгэлт хүмүүн
Үүрд мөнх орших яруу тунгалаг аялгуу
Үнэн хүчийг олох язгуур түмний шүтээн
Өндөр сэнтийд соёрхсон Өвгөн буурал овоо
Өвлөж бидэнд үлдээсэн өнө эртний холбоо
Өвсний шим тэтгэх өнөр лусын эзэн
Өглөө мандах нарны өгөөмөр хайрын илч
Өргөн хангайн соёмбо өдтэй хөх бичиг
Өмнөх үеийн цадиг өртөөлж захисан үгс
Өрлөг дээдсийн хайр өсөх идэрийн золбоо
Өрлөг буяны хишиг өр зүрхний дуулал
Хуртай мөнгөн бороо нартай хамт наадна
Хувьтай хүний үр номтой нутагт дуулна
Хутагтай сүр хүч цэцэн билэгийг олно
Хурсан түмний хүсэл цэнгэлийн манлайд очно
Мөнх хөх тэнгэр эрхсийн гэрэлт чуулган
Мөрөөдлийн цэнхэр орчлон танин мэдэхүйн урлан
Ноён хѳдрѳг уулс Ачитийн шар нуруу
Номтын их овоо нууцлаг оршихуйн хүч
Мөнгөн цоргын гол Сантын цэнгэг рашаан
Ойгон сайхан ээж Оюунтай төрсөн хүмүүс
Цэцэгс найгасан тал цэнгэл гэрэлтсэн өргөө
Өнгө тунгалаг нутаг үнэр ялдам агаар
Агар зандан мод агсал хонгор салхи
Аглаг хөвчийн нууц, араатны хөх тойрог
Уран шуваадын чуулга учрал бүрдсэн нутаг
Удам дамжсан буян угшил сайтай сүргүүд
Эрнэх орчлонгийн хишиг эрхэмлэн дээдлэх шүтээн
Эх байгалийн үзэсгэлэн элгэм түмний сэтгэл
Харах нүдийг баясгах эрдэнийн чулуу солонго
Хайрлах итгэлийг бадраах бумбын цагаан дэлхий
Хальгах зүрхийг хөглөсөн хонгор багын андууд
Ханашгүй цэнгэлд умбуулсан хан орчлонгийн дуулал
Тал хангай говийг торгон цогцлыг хадгалсан
Тансаг ярууг цогцлоож үлэмжийн сайхныг мэдрүүлсэн
Түдэвтэйн цэнхэр орчлонг тэмүүлэн хүсдэг нь учиртай
Танхил ялдам сэтгэлдээ талархан цэнгэдэг нь урамтай
Ийм л сайхан нутгийн эзэн заяаг эдлэхдээ
Их Монгол улсын иргэн болж төрсөндөө
Омогшин дуулах сэтгэл минь салхин мэт чөлөөтэй
Оргилсон их хүсэл минь жигүүртэн лугаа хүчтэй
Очирваанийн эгшиг онгод хийморийн хишигтэй
Орчлонгийн явдал мөр одон зурхайн хэмнэлтэй
Сайн үйлс саруул ухаан сав шимийг цэнгүүлэн ивээг
Цэцэн мэргэн цэнхэр орчлон хүн төрөлхтнийг бүүвэйлэн дуулаг.
Нутгийн хүүхдүүд 2014 оны 6-р сарын 20